etoim.mn
photos/86263663_470267340528947_2257727534273658880_n.jpg

Тун удахгүй Монгол түмний их баяр “Цагаан сар буюу сар шинийн баяр” болох гэж байна. Энэ үеэр хулгайн гэмт хэргийн гаралт ихэсдэг нь нууц биш юм. Тиймээс бид ЦЕГ-аас хулгайн гэмт хэргээс урьдчилан сэргийлэх мөн уг гэмт хэргийг илрүүлэх чиглэлээр хэрэхэн ажиллаж байгаа талаар Цагдаагийн ерөнхий газрын хэвлэл мэдээллийн төвийн мэргэжилтэн, цагдаагийн ахлах дэслэгч Ө.Лхагвабаяртай ярилцлаа.

-Хулгайлах гэмт хэргийн нөхцөл  байдал ямар байгаа талаар ярилцлагаа эхэлье?

-2019 онд    улсын хэмжээнд хулгайлах гэмт 8968 бүртгэгдсэн. Үүнийг өмнөх оны мөн үеэс 3360-аар буюу 23 орчим хувиар буурсан үзүүлэлт юм. Мөн бусдын эд хөрөнгийг хулгайлсан зөрчил 2670 бүртгэгдсэн байна.

-Сая малын хулгайн гэмт хэргийн ялыг  чангалж өглөө. Өнчин ишиг хулгайлахад л хорих ялаар шийтгэдэг болсон тухай мэдээлэл нийтэд цацагдчихлаа. Үр дүнд малын хулгайн гэмт хэрэг буурсан үзүүлэлт гарсан байсан. Ахуйн хулгайн гэмт хэргийн зүйл заалт ямар байдаг юм бэ?   

-Монгол Улсын эрүүгийн хуулийн тусгай ангид заасан  хулгайлах гэмт хэрэг буюу бусдын эд хөрөнгийн хүч хэрэглэхгүйгээр нууцаар, хууль бусаар авсан бол  зургаан сараас таван жил хүртэлх хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах эсхүл  зургаан сараас таван жил хүртэлх хугацаагаар хорих ялаар шийтгэдэг. Энэ төрлийн гэмт хэргийг хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар үйлдвэл  ял шийтгэл нь хүндэрдэг.

 Жишээлбэл: Орон байр, агуулах саванд нэвтэрч үйлдсэн, эсхүл их хэмжээний хохирол учруулж үйлдсэн, эсхүл түүх соёл, техник шинжлэх ухааны хөгжилд чухал ач холбогдолтойд тооцож байгаа тусгайлж хамгаалсан зүйлсийг хулгайлж үйлдсэн, эсхүл учрах саадыг арилгах зорилгоор тусгайлан бэлтгэсэн багаж зэвсэг, машин механизм ашиглаж үйлдсэн, энэ гэмт хэргийг үйлдэж амьдралынхаа эх үүсвэр болгосон, зохион байгуулалттай гэмт бүлэглэл үйлдсэн зэргээс хамаарч хүндрүүлэн үздэг байгаа.

-Ямар тохиолдолд зөрчил гэж үздэг талаар тодруулахгүй юу?   

-Бусдын эд хөрөнгийн хүч хэрэглэхгүйгээр нууцаар авсан нь Эрүүгийн хариуцлага хүлээлгэхээргүй бол Зөрчлийн тухай хуулиар хариуцлага хүлээлгэдэг.

Тухайлбал: Хулгайд алдагдсан эд зүйлийн үнэлгээ нь хөдөлмөрийн хөлсний доод хэмжээнд хүрэхгүй мөн дээр дурдсан хүндрүүлэн үзэх нөхцөл байдал тогтоогдоогүй тохиолдолд хулгайлах зөрчлөөр шийдэгдэж байгаа.

-Энэ тохиолдолд хүлээлгэх хариуцлага нь ямар байдаг вэ?   

-Зөрчлийн тухай хуульд зааснаар хулгайлах зөрчилд оногдуулж байгаа шийтгэл нь албадан сургалтад хамруулж 7-30 хоногийн хугацаанд баривчлах ялаар шийтгэж байгаа.   

-Өвлийн улиралд машины  хучлага хулгайлах төрлийн зөрчил их гардаг. Ер нь өнгөрсөн онд энэ төрлийн гэмт хэрэг хэд бүртгэгдсэн бэ?

-Өнгөрсөн онд энэ төрлийн  хэрэгт холбогдуулан 871 хүнийг илрүүлж  баривчлах шийтгэл оногдуулсан. Дээрх этгээдүүд нь хүндрүүлэх нөхцөл байдалгүйгээр бусдын эд зүйлсийг хулгайлж Зөрчлийн тухай хуулиар хариуцлага тооцуулсан гэсэн үг.

-Машины толь аваад сугалаад аваад явахад л   баривчлах ялаар шийтгүүлнэ гэж ойлгож болох уу? 

-Тийм. Ерөнхийдөө бусдын өмчлөлд байгаа ямарваа нэгэн зүйлийг хулгайлсан тохиолдолд жижиг гэлтгүй л хариуцлага тооцогдоно гэж ойлгох хэрэгтэй.

-Гэмт хэргийн илрүүлэлтийн тухайд үр дүн хэр байна вэ?  

-Энэ төрлийн гэмт хэргийн илрүүлэлт 28 хувьтай байна. Энэ нь 2018 оны мөн үеийнхтэй харьцуулахад харьцуулахад найман хувиар өссөн дүн мэдээтэй байгаа. Түүнчлэн энэ төрлийн гэмт хэргийн хохирогч болсон иргэд цагдаагийн байгууллагад хандахгүй байх тохиолдол ажиглагддаг. Энэ нь хулгайч нарыг өөгшүүлж байгаа үйлдэл гэж хэлж болно.

-Хулгайн гэмт хэрэг гол төлөв хэдийд үйлдэгдэж байна вэ. Иргэд энэ төрлийн гэмт хэргийн хохирогч болж байгаа шалтгаан нь юу байна?

-Орон байрны хулгайн гэмт хэрэг гол төлөв өдрийн цагаар буюу иргэдийг гэрээ эзэнгүй орхисон үед гардаг. Тэгэхээр энэ төрлийн гэмт хэргээс урьдчилан сэргийлэхийн тулд иргэд хөршийн холбоог сайжруулах, боломжтой бол цонхондоо хамгаалатын тор зүүхээс гадна аль болох гэрээ эзэнгүй үлдээхгүй байх, хаалгандаа далд цоож зүүж гэрээ эзэнгүй байгааг мэдэгдүүлэхгүй байх хэрэгтэй.

-Удахгүй сар шинийн баяр болно. Энэ үеэр хулгайн гэмт хэргийн нөхцөл байдал нэмэгдэх гээд байдаг. Иргэдэд юуг анхааруулах вэ?

- Сар шинийн баяраар томоохон худалдааны төвүүд үйлчлүүлэгчдийн хөлд дарагдаж ачаалал нь ихэсдэг. Энэ үеэр иргэд халаасны хулгайчдад бэлэн мөнгө, үнэт эдлэлээ алдах өндөр эрсдэлтэй байдаг. Тиймээс иргэдийг дор бүртээ сонор сэрэмжтэй байхыг анхааруулж байна. Нэг талаараа өмч хөрөнгөө хамгаалах нь та бидний үүрэг гэдгийг ойлгох хэрэгтэй.

Мөн Цагдаагийн байгууллагаас “Сар шинэ”  нэгдсэн арга хэмжээг жил бүр зохион байгуулдаг уламжлалтай. Үүнтэй холбогдуулан цагдаагийн байгууллага өндөржүүлсэн бэлэн байдалд ажиллаж байна. Энэ жилийн хувьд гэмт хэргээс урьдчилан сэргийлэх чиглэлийн арга хэмжээ болон шинэчлэн батлагдсан гэмт хэрэг зөрчлийн тухай хуулийг иргэд олон нийтэд сурталчилж иргэдийн хуулийн мэдлэгийг дээшлүүлэх чиглэлээр ажиллаж байна.

Таалагдахгүй байна

1
0

АНХААРУУЛГА

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд etoim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

1.0

Сэтгэгдэл үлдээх

H

[202.126.89.206]

2020-02-11 07:10:32

Uls ornoo zarj iddeg hulgaich naraa yah ch gui bj

зОЧИН

[202.179.31.63]

2020-02-10 14:48:00

ТӨРИЙН ХУЛГАЙЧДАД ХАРИУЦЛАГА ХҮЛЭЭЛГЭХ ХЭРЭГТЭЙ.