Шуурхай мэдээ New

etoim.mn
photos/5d405dba175fe9546cf9835ef6e0fc2a_1200.jpg

Өнөөдөр Монгол улсын их хурлын тогтоолоор " Төр нийгмийн нэрт зүтгэлтэн С.Зориг агсны амь насыг бүрэлгэсэн" асуудлыг шалгасан процессыг хянах чиг үүрэг бүхий түр хорооноос  мэдээлэл хийлээ. Мэдээллийн эхэнд УИХ-ын гишүүн Ж.Батзандан тэдний гаргасан дүгнэлт  ОУПХ-ны шинжээчийн дүгнэлттэй 100 хувь нийлсэн болохыг мэдэгдсэн юм. 

УИХ-ын гишүүн Ж.Батзандан: Б.Содносдаржаа, Т.Чимэгээ нарыг эрүүдэн шүүснийг тогтоохын тулд түр хороо болон ОУПХ-ын шинжээчид нийт 23 албан тушаалтантай уулзаж мөн хэрэгт холбогдсон хүмүүстэй хэд хэдэн удаа уулзалт зохион байгуулсан. Түүнчлэн тэдний өмгөөлөгч нартай уулзан холбогдох нотлох баримтууд дээр үндэслэн тэднийг эрүүдэн шүүсэн болохыг тогтоосон. Улмаар хилсээр тэднийг ялласан гэсэн дүгнэлт гаргасан. 

Тэрээр үргэлжлүүлэн түр хорооноос гаргасан дүгнэлтүүдтэй холбоотой хэд хэдэн зүйлийг уншиж танилцуулсан юм. 

С.Зоригийн хэргийн жинхэнэ хэргийн гүйцэтгэгч болон захиалагчийг илрүүлэхэд хугацаа алдахыг ОУПХ зөвшөөрөхгүй гэдгээ энэхүү дүгнэлтэндээ дурьдсан. Өнөөдрийг хүртэл шүүхийн яллах тогтоол олон нийтэд хаалттай байгаа бөгөөд үнэнийг хайж байгаа хэсэгт С.Зоригийн хэргийн талаар чөлөөтэй ярихыг хориглож байгаа үйлдлийг ОУПХ буруутгаж байгаагаа илэрхийлсэн байна. Тйимээс ОУПХ-ны Хүний эрхийн хорооноос эрх баригч албан тушаалтнуудад хандан эрүүдэн шүүлт хийсэн хэргийн явц үр дүнгээс үл хамаарч Чимэгээ Содномдаржаа нарыг нэн даруй суллахыг шаардсан бичгээ бидэнд ирүүлсэн гэсэн юм. 

Түр хорооны 7 гишүүн хуралдаж ОУПХ-ны гишүүдтэй санал нэг байна гэсэн дүгнэлтээ гаргасан. Түүнчлэн Содномдаржаа болон Чимэгээ нарыг нэн даруй суллаж шудрага бусаар шүүгдэж, тамлуулсаны төлөө нөхөн төлбөр төлөх хэрэгтэй гэсэн шийдвэрийг ОУПХ-оос гаргасан байна. 

Энэ үеэр хууль зүйн сайд Ц.Нямдорж: Би нэг зүйл хэлье гэж бодож байна. Нэгдүгээрт:  Шүүх дээр энэ хэргийг аль болох сунжруулах зорилготой цаг хугацааны тоглолт явагдаж байгаа гэдгийг албан ёсоор хэлмээр байна. анхан шатны шүүх нь мөрдөн байцаалтанд буцаасан. Энэ шийдвэрээ яг сүүлийн өдөр нь уг шийдвэрээ прокурорт өгсөн. Прокурор эсэргүүцэл бичхэд шүүх хянаж болох сүүлийн өдөр давж заалдахаар болсон. Давж заалдахын шийдвэр гараад дахиад 30 хоногийн дараа шүүхийн давахын магадлалыг гардуулсан. Одоо дахиад 30 хоногийн хугцацаа хожих ийм цаг хугацаа сунжруулах үйл ажиллагаа явагдаж байгаа. Энийг нуух зүйл байхгүй.

Хоёрдугаарт: Энэ асуудал нууцаас гарсан. Засгийн газрын тогтоолоор нууцаас гаргадаг. Хэрг нууцаас гарсан. Одоо мөрдөж байгаа хуулиар өөр нууцаас гаргадаг газар байхгүй. Гэтэл зарим хүмүүс "Хэргийг нууцаас одоо гарга" гэсэн шаардлагыг хүргүүлээд цаг хожих ийм үйл ажиллагаанууд явагдаж байгаа гэдгийг би хэлье гэж бодож байна. 

Гуравдугаарт: Хамгийн гол зүйл. Энэ асуудлыг будилуулсан бүх шүүгчид албан тушаал дээрээ хэвээрээ байгаа. Ялангуяа дээд шүүхийн түвшинд. Ерөнхий шүүгч нь солигдсон боловч хуучин шүүгч нь одоог хүртэл ажлаа хийж байгаа. Энэ хэргийг дээд шүүхээр илтгэсэн шүүгч нь, шүүх бүрэлдэхүүнд орсон бүх шүүгчид ажлаа хийж байгаа. Эд нар арьсаа хамгаалж байгаа учраас тэр анхан шатны шүүх дээр, давж заалдах шатны шүүх дээр хугацаа хожиж, яргалсан хүмүүст боломж олгох хуйвалдаан явагдаж байгаа гэдгийг л би өнөөдөр баталгаатай хэлж чадна. 

Эрүүдэн шүүсэн нь бол ойлгомжтой. Та нар бичлэгийг нь үзсэн. Энийг эвлүүлэг байсан гэж ярьих хүмүүс гарч ирж байгаа. Ямар ч эвлүүлэг тэнд байхгүй. Тагнуулын байгууллага өөрсдийн хийсэн ажлыг сэргээж, олон нийтэд зарим хэсгийг нь үзүүлсэн. Энд эвлүүлэг хийх ямар ч техникийн бололцоо байхгүй. Энийг бас би хэлэх ёстой байх гэж бодож байна. Засгийн газрын тогтоолоор нууцаас гаргахад анхан шат болох давж заалдахын шийдвэр, дээд шүүхийн хяналтын шатны шүүхийн шийдвэр нууцаас гаргасан. Гэтэл Тагнуулын байгууллага тэр хэргийн прокурорын архивт шилжүүлэхдээ давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг, дээд шатны шүүхийн тогтоол магадлал хоёрт байсан зүйлийг дахиж нууцлах хэлыэрийн ажил хийсэн. Ингэж энэ асуудлыг бас будилуулж байгаа гэдгийг хэлэх ёстой байх гэж бодож байна. Хуультай улсад бол энэ Б.Содномдаржаа, Т.Чимэгээ нарыг нэн даруй суллах ёстой. Ийм л зүйлийг хэлье гэж бодсон юм. 

Эцэст нь дахиад хэлэхэд шүүх дээр энэ хэргийг ингэж урьдчилан төлөвлөж зохион байгуулж шийдвэрлэсэн хүмүүс хугацаа хожих тактикын тоглолт хийж байгаа гэдгийг хэлмээр байна гэсэн юм. 

Таалагдахгүй байна

0
0

АНХААРУУЛГА

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд etoim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

1.0

Сэтгэгдэл үлдээх