Шуурхай мэдээ New

etoim.mn
photos/d0f265b0-9003-4910-bcab-5278251fa2c7.jpg

УИХ-ын нэгдсэн чуулганаар Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийн гуравдугаар хэлэлцүүлгийг хийж байна.

Чуулганы нэгдсэн хуралдаанаар: 

  1. Монгол Улсын Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийг дагаж мөрдөхөд шилжих журмын тухай хуулийн төсөл /анхны хэлэлцүүлэг/
  2. Монгол Улсын Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслүүдийг хэлэлцэнэ.  

Өчигдрийн Төрийн байгуулалтын байнгын хорооны хуралдаанаар сонгуулийг холимог тогтолцоогоор явуулах санал дэмжигдсэн. Энэ өөрчлөлтийг 2024 оноос хэрэглэж эхлэх Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтөд тусгаад байгаа билээ. Эл асуудлаар УИХ-ын гишүүд асуулт асууж, хариулт авч байна.

УИХ-ын гишүүн О.Баасанхүү: Журмын тухай хуулийг яагаад заавал эхэлж хэлэлцэх гээд байгаа юм бэ. Үндсэн хуулийг хэлэлцэх үеэр өөр хууль хэлэлцэхгүй гэсэн журам бий. Монгол Улсын Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийг дагаж мөрдөхөд шилжих журмын тухай хууль бол энгийн хууль. Эхлээд Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийг хэлэлцэх ёстой.  

УИХ-ын гишүүн, Төрийн байгуулалтын байнгын хорооны дарга С.Бямбацогт: Энэ бол дагаж мөрдөхөд шилжих журмын тухай хуулийн анхны хэлэлцүүлэг. Дараа нь эцсийн хэлэлцүүлэг хийнэ. Харин Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийн эцсийн хэлэлцүүлгийн шатандаа байгаа. Эцэст нь Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төсөл түрүүлж батлагдана. Хоцорч явж байгаа учраас зэрэгцүүлэх үүднээс ингэж хэлэлцэж байгаа юм. 

УИХ-ын гишүүн Ц.Даваасүрэн: Бид ард түмний сонгох эрхэд халдаж байна. Ерөнхийлөгч хориг тавьж болно. Гэтэл шинэ саналууд орж ирээд хэлэлцэгдээд байгаа нь хууль зөрчиж байна. Хэлэлцэгдэх асуудлууд аль нэг намын ашиг сонирхлыг илэрхийлсэн байж болохгүй гэж байгаа. 

УИХ-ын гишүүн, Төрийн байгуулалтын байнгын хорооны дарга С.Бямбацогт: 2012 онд нам дугуйлдаг холимог тогтолцоо орж ирсэн. Харин энэ удаагийн холимог тогтолцоогоор улс нэг тойрог болно. Намын жагсаалтаас хүнийг нь дугуйлдаг тогтолцоо. Намын нэрийн ард болохгүй хүмүүс орж ирэх гээд байна гэж айх зүйл байхгүй. 

УИХ-ын гишүүн Х.Баделхан: Үндсэн хуульд УИХ-ын гишүүдийг шууд сонгоно гэж заасан байгаа. Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтөд тусгаад байгаа Сонгуулийн холимог тогтолцоог дэмжихгүй байгаа. Энэ нь сонгогчдын эрхийг зөрчөөд байгаа юм.  Иргэдийн эрхийг зөрчихгүйгээр зохицуулах арга байхгүй юм уу?

УИХ-ын гишүүн, Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийн ажлын хэсгийн ахлагч Д.Лүндээжанцан: Холимог буюу хувь тэнцүүлэх тогтолцоогоор сонгууль явуулахад ямар нэгэн байдлаар иргэдийн сонгох эрхэд халдсан зүйл байхгүй. Хүмүүс намын нэрийн дор хаалттай жагсаалтаар хэн нь мэдэхдэхгүй хүн орж ирж байгаа гэдэгт дургүй байгаа. Тиймээс энэ хаалттай байдлыг өөрчилж, хүмүүсийн нэрийг жагсаагаад бичих юм. Нам биш хүн сонгодог байхаар тусгаж байгаа юм.

УИХ-ын гишүүн С.Чинзориг: Одоогийн Үндсэн хуулийн 21,2-т иргэд УИХ-ын гишүүдийг шууд сонгоно гэсэн заалт байгаа. Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийг дагаж мөрдөхөд шилжих журмын тухай хуулийн төсөлд Сонгуулийн тогтолцоог холимог болон олонхийн хувь тэнцүүлсэн байдлаар явуулна гэсэн. Энэ нь одоогийн Үндсэн хуультайгаа зөрчилдөх юм биш үү. Мөн энэ журмын тухай хуулийн төсөлд өөрчлөлт оруулахдаа ирц ямар байх юм бэ? Ердийн олонхоор байх уу, Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийн адил байх уу?

УИХ-ын гишүүн, Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийн ажлын хэсгийн ахлагч Д.Лүндээжанцан: Холиог тогтолцоо гээд яриад байгаа юм. Холимог тогтолцоо нь олон хэлбэртэй. Нэмэлт өөрчлөлтөөр тойрогт өрсөлдөх тогтолцоо хэвээр байна. Нэрсийн жагсаалтаар өрсөлдөхдөө аль намын хэн гэдгийг иргэн мэдэх боломж олдоно. Өөрөөр хэлбэл иргэн жагсаалтаар сонгогдох хүмүүстэй уулзаж, учирч байх болно. Нэг нам 10 хүн жагсаалтаар оруулахад тэр 10 хүнтэй иргэд уулзаж, барьж имэрч үзэж байна. Тэгээд хэнийг сонгохоо шийдээд хамгийн олон санал авсан хүн сонгогдох юм. Тэгэхээр одоогийн Үндсэн хуулийн 21,2-тэй зөрчилдөх зүйл байхгүй.

УИХ-ын гишүүн, Төрийн байгуулалтын байнгын хорооны дарга С.Бямбацогт: Одоо орж ирж байгаа холимог тогтолцоо бол 2012 оных шиг нам дугуйлдаг тогтолцоо биш. Улсын хэмжээнд нэг тойрог болгож байгаад бүх нэр дэвшигчийг иргэд шууд харж, үзэж байж сонгох буюу хүний нэр дугуйлна. Намын жагсаалтын ард нуугдах зүйл юу ч байхгүй. Хоёрдугаарт Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийг дагаж мөрдөхөд шилжих журмын тухай хуулийн төсөл нь үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийн нэг адил 3-ны 2 гэдэг дэг мөрдөгдөнө.

УИХ-ын гишүүн Д.Эрдэнэбат: Энэ хуулийн дараалал болон процетурын алдаа гарчихаад байна. Зөв дараалалтай зөв хэлэлцэхүй бол дараа нь маш том асуудал гарах юм. Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлт нь эцсийн хэлэлцүүлгээр батлагдаагүй байхад дагаж мөрдөх журмын хуулийг хэлэлцэнэ гэдэг нь хуулийн зөрчил юм. Урд урдын дагаж мөрдөх хугацааг Үндсэн хуульд нь хийж өгсөн байдаг юм билээ. Тэгэхээр шилжих журмын төсөлд хэрэгжих хугацааг заадаггүй. Хэрхэн яаж хэрэгжүүлэх вэ гэдгийг нь заадаг. Тэгэхээр Төрийн байгуулалтын байнгын хороо эцсийн хэлэлцүүлэгт энэ журмыг хэлэлцэхдээ хуульд нийцүүлэх юм хийхгүй бол болохгүй.

УИХ-ын дарга Г.Занданшатар: Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийн хоёрдугаар хэлэлцүүлэг дууссаны дараа дагаж мөрдөх журмын эхний хэлэлцүүлгийг хийж байна. Дараа нь Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийн гуравдугаар хэлэлцүүлгийг хийгээд эцэст нь дагаж мөрдөх журмын эцсийн хэлэлцүүлгийг хийнэ гэдгийг онцлон хэлмээр байна.

Хэлэлцүүлэг үргэлжилж байна.

 

Таалагдахгүй байна

0
0

АНХААРУУЛГА

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд etoim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

1.0

Сэтгэгдэл үлдээх