Шуурхай мэдээ New

etoim.mn
photos/a6924493-1eca-427c-b473-aff392de6161.jpg

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар 2020 оны улсын төсвийн төслийн гуравдугаар хэлэлцүүлгийг хийж баталлаа. 

Нэгдсэн төсвийн нийт тэнцвэржүүлсэн орлого, нийт зарлага, төсвийн тэнцэл зэрэг эдийн засгийн үндсэн үзүүлэлтийг Засгийн газрын өргөн мэдүүлсэнд  өөрчлөлт оруулалгүйгээр нийт тэнцвэржүүлсэн орлогыг 11 их наяд 797 тэрбум 840 сая төгрөг буюу ДНБ-ий 29.0 хувь, нийт зарлагыг 13 их наяд 872 тэрбум 581.7 сая төгрөг буюу ДНБ-ий 34.1 хувь, нэгдсэн төсвийн нийт тэнцвэржүүлсэн тэнцлийн алдагдлыг 2 их наяд 74 тэрбум 741.7 сая төгрөг буюу ДНБ-ий 5.1  хувьтай тэнцүү байхаар тооцон баталлаа.

Засгийн газрын мөрийн хөтөлбөрийн биелэлтийг хангах ажлын хүрээнд 2020 оны төсвийн жилд зайлшгүй хэрэгжүүлэх шаардлагатай төсөл арга хэмжээг санхүүжүүлэх, түүнчлэн хүн амын өсөлттэй уялдуулан Нийслэлийн хөрөнгө оруулалт, бүтээн байгуулалтын ажлуудыг нэмэгдүүлэх, тэдгээрийг санхүүжүүлэх зорилгоор 2020 оны төсвийн жилд улсын төсвөөс санхүүжүүлж хэрэгжүүлэх төсөл, арга хэмжээний 2020 онд санхүүжүүлэх дүнг 296 тэрбум 547.8 сая төгрөгөөр нэмэгдүүлэхээр болсон байна. Ингэснээр улсын төсвийн хөрөнгөөр 4 их наяд 233 тэрбум 926.1 сая төгрөгийн төсөвт өртөгтэй, 1427 төсөл арга хэмжээг 2020 онд 1 их наяд 828 тэрбум 930.3 сая төгрөгөөр санхүүжүүлэхээр шийдвэрлэжээ.

УИХ-ын гишүүн О.Баасанхүү:  НДШ яагаад нэмсэн бэ? Тэтгэвэр 8 хувиар нэмээд, цалин тодорхой хэмжээгээр нэмэх ч НДШ нэмэгдэхээр нэмэргүй. Янз бүрийн шалтгаан яриад байна. Банк дампуурснаас, ЖДҮ-чдээс гээл. Гэтэл Засгийн газар дээр асуудал байна. 

ХНХ-ын сайд С.Чинзориг: НДС-гийн шимтгэлд ажил олгогч 1 хувиар, ажилтных 1 хувиар  нэмж төлөхөөр нэмэгдэж байгаа. НДС алдагдалтай, энэ онд 600 тэрбум төгрөгийн татаас авч байж ажиллаж байна. Нийгмийн даатгалын сангийн алдагдлыг бууруулах үүднээс нэмж байгаа. Нийгмийн даатгалд хамрагдагсдын хүрээг нэмэгдүүлэх шаардлагатай. НДС-гийн алдагдал ирэх жил улсын төсвөөс авах татаас 200 тэрбум төгрөгөөр буурна. НДШ нэмэгдсэн нь 2016 оны эцсээр Засгийн газар ОУВС-тай хамтарч хөтөлбөр хэрэгжүүлэх хүрээнд шийдвэр гаргасан. Энэ хүрээнд үргэлжилж байгаа. 

Ирэх онд Сангийн сайд хамгийн их буюа 3 их наяд, 115 тэрбум 628 сая төгрөг захиран зарцуулах бол хамгийн бага нь ЕТГ-ын дарга 6 тэрбум 438,6 сая, УИХ-ын дарга 46 тэрбум 824 сая, 42 тэрбум 914.4 сая төгрөгийг тус тус зарцуулахаар тусгажээ.

Таалагдахгүй байна

0
0

АНХААРУУЛГА

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд etoim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

1.0

Сэтгэгдэл үлдээх