Шуурхай мэдээ New

etoim.mn
photos/74611526_2778041675560300_7012717906785992704_n.jpg

“Монголын Үндэсний фронт" хөдөлгөөнөөс зохион байгуулж буй “Эх орон дуудаж байна" жагсаал өнөөдөр Сүхбаатарын талбайд  болж байна. 

“Монголын Үндэсний фронт" хөдөлгөөний зүгээс өнөөгийн УИХ-ыг тарах, Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг батлахгүй байхыг шаардаж буй.

Жагсаалын үеэр Цагдаагийн ерөнхий газрын алба хаагчид аюулгүй байдлыг хангах, нийтийн эзэмшлийн талбай, эд хөрөнгөд халдахгүй байх боломжийг ханган ажиллаж байна. Тодруулбал, тэд  төв талбайд төмөр хашлагаар хамгаалалт хийж, нийгмийн хэв журмыг алдагдуулахгүй, аюулгүй байдлыг хангахын тулд жагсаалд ирсэн хүмүүсийг согтууруулах ундааны төрлийн зүйл хэрэглэсэн эсэх, мөн үүрч яваа үүргэвч цүнхийг шалгаж байлаа. 

Жагсаалын эхэнд “Монголын Үндэсний фронт" хөдөлгөөний тэргүүн Бэлтгэл хошууч, генерал Б.Баярмагнай иргэдэд хандан үгээ хэллээ.

“Хүмүүсийн заншсанаар зургаан жил би фронт командалж байсан бол өнөөдөр би  “Монголын Үндэсний фронт”-ыг командлан анх удаа иргэний хувиар дуу хоолойгоо хүргэж байна. Бид 27 жилийн турш төрийнхөө эрх барих дээд байгууллагуудыг сонгож тэдэнд бүх итгэлээ үзүүлж ирсэн. Ингэхдээ зөвхөн төрийнхөө дээд байгууллагад монголынхоо хувь заяаг даатгаж ирсэн байна. Өнөөдөр бид бодит байдалтайгаа эвлэрэх цаг нь болжээ. Өнгөрсөн 28 жилийн хугацаанд монгол төрд нүүрлэсэн хулгайчид, төрийн өмчийн луйварчид, төрөөс төрсөн тэрбумтан нар гэхчлэн төрд нүүрлэсэн олон дайсантай болжээ. Тэднийг бид нэгтгээд дотоодын дайсан гэж нэрлэж байна. Бид бүхэн тэдэнтэй тэмцэх цаг болжээ” гэв.

Дараа нь Төр нийгмийн ахмад зүтгэлтэн, Ардын их хурлын депутат асан Ж.Гомбожав үг хэлэхдээ “Үндсэн хуульд нэг танхимтай 76  гишүүнтэй байна гэдэг заалтыг оруулахдаа авлига, хулгайчгүй,  шударга төр байна гэж бодож оруулсан. Гэвч бидний байгуулсан нэг танхимтай УИХ-д өнөөдөр хулгайчид цуглаж, ял завшдаг орон зай болоод хувирчхаж. Монгол Улс нэг биш хоёр танхимтай байх ёстой  байж. Дээд танхим болох төрийн бүх ажиллагаанд ард түмний нэрийн өмнөөс дээд хяналтыг тавих ёстой байгууллагыг байгуулаагүй орхисон нь бас л алдаа. Хэдийгээр бид хоёр танхимыг байгуулаагүй ч гэсэн төрийн үйл ажиллагаанд Үндсэн хуулийн Цэц хяналт тавих ёстой гэж үзээд  байгуулсан. Үндсэн хуулийн Цэцийн есөн гишүүний гурвыг нь Ерөнхийлөгч, гурвыг нь УИХ, гурвыг дээд шүүхээс санал оруулж томилж байгаа нь маш том алдаа болж.  Цэцэд томилогдсон хүмүүс өөрсдийнхөө томилж явуулсан байгууллагын эрх ашгийг хамгаалж, хяналт тавих бус улстөрчдийн хэлснээр ажилладаг байгууллага болж хувирчээ” гэв.

Улмаар Монголын үндэсний фронтыг үүсгэн байгуулагчдын нэг Олон улсын тоймч, сэтгүүлч Ш.Гантулга болон Хөдөлмөрийн баатар Ч.Хурц нар үг хэллээ.

Тоймч Ш.Гантулга: Би өнгөрсөн шөнө Сүхбаатарын талбайгаа манаж хонолоо. Их хүйтэн байсан Монголын ард түмнийхээ ачаар осгож үхэлгүй гэдэс цатгалан хонолоо. Энэ нь Монголын ард түмэн өөрөө өөртөө итгэж, бие биедээ итгэх юм бол асуудлаа шийдэж чадна гэдгийн илрэл байлаа. Би шөнө суухдаа Сүхбаатар жанжины хөшөөг Хятад шавар баримал болчихоос нь өмнө гэж бодоод бүтэн тойрч, хөшөөн дээрх үгийг уншлаа.

Бидний улс эв саналыг нэгтгэн, Нийт нэгэн хүчнийг нийлүүлэн Нэгэн зэргээр зориглон хөдөлбөл, Үл хүрэх газаргүй бөгөөд Мэдэхгүй ба чадахгүй гэх явдал огт үгүй болж, Гадаад дотоодын эзэрхэгийн савраас гарч, Учрах зовлонгүй болж, цэнгэлийн манлайг олж болохыг Дан ганц бидний сэтгэлийн чин зориг мэднэ. Ташаагүй үнэн болохыг би батлан өгүүлнэ гэснийг санасан юм. Тэгэхээр Монголчууд бид одоо нэгдэж, босч тэмцэх цаг хэзээний иржээ... гэж ярьсан юм.

Энэ мэтчилэнгээр малчин, тариаланч, иргэдийн төлөөлөл үгээ хэлж, үзэл бодлоо илэрхийлж байгаа юм.

Дэлгэрэнгүй мэдээллийг доорх видеоноос хүлээн авч үзнэ үү...

 

 

Таалагдахгүй байна

1
0

АНХААРУУЛГА

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд etoim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

1.0

Сэтгэгдэл үлдээх