Шуурхай мэдээ New

etoim.mn
photos/5d198b9f744fa.jpeg

УИХ дахь АН-ын зөвлөл агаарын бохирдлыг бууруулах чиглэлээр авч хэрэгжүүлж буй арга хэмжээ болон сайжруулсан шахмал түлшний талаар холбогдох албанхнаас мэдээлэл сонслоо. 2019 оны аравдугаар сарын 4-өөс хойш сайжруулсан шахмал түлшинд 206 иргэн хордсон дуудлага ирж, 549 хүн угаарын хийж хордож, найман хүн амиа алдсан байна. 199 хэрэгт хэрэг бүртгэлийн хэрэг нээж ажиллаж байгаа юм байна. 

УИХ-ын гишүүн Б.Пүрэвдорж: Шахмал түлшинд маш их мөнгө хуваарилагдсан. Тэр мөнгийг хулгайлсан хүмүүсийн балгаар хүний амь эрсдэж байна. Хөрөнгө зарцуулалттай холбоотой албан тушаалтнууд мэдээлэл өгөхийг шаардаж байна. Албан тушаалтнуудыг хүн амины хэрэг хийсэн гэдгээр нь жилийн дараа шоронд явуулна. Хариуцлагаас мултарна гэж байхгүй. Өнөөдөр долоон хүний амь хохирч, хэдэн зуун хүний эрүүл мэндийг хохироосон хүмүүст жилийн дараа хариуцлага тооцно. Тиймээс бодолтой байгаарай. Хэн нэгэн даргыг хамгаалах юм бол өөрсдийн чинь толгой дээр бууна гэдгийг сануулъя. Бид хариуцлага тооцдог нам шүү.

УИХ-ын гишүүн Д.Эрдэнэбат: Шахмал түлшийг хэрэглээнд нэвтрүүлэхээс өмнө бүх төрлийн судалгаа, шинжилгээ хийсэн байх ёстой. Зууханд, иргэдэд буруугаа үүрүүлж болохгүй. Одоо бол ниргэсэн хойно нь хашгирахтай адил зүйл болж байна. Тиймээс хариуцлага яригдах ёстой. Энэ асуудлыг улс төрийн хонжоо харсан байдлаар хандаж болохгүй. Өвөл болоход ямар эрсдэл биднийг хүлээж байгааг бид нэгдэж ярих ёстой. Өглөө болгон иргэддээ мэдээлэл өгмөөр байна.

Нийслэлийн Засаг даргын орлогч  Ж.Батбаясгалан: Гэр хорооллын иргэдийн бараг 99 хувьд буюу 174 мянган айл өрхийг сайжруулсан зууханд шилжүүлсэн байсан. Харамсалтай нь айл өрхийн 65 хувь нь ашиглалтын шаардлага хангахгүй зуухтай байна. Түлшний уутан дээр ханын пийшин болохгүй гэж бичихээс илүүтэй үндэсний хорооноос айл бүрээр орж мэдээлэл өгсөн.

 УИХ-ын гишүүн С.Эрдэнэ: Сайжруулсан түлшийг хэрэглэхэд ханан пийшин болохгүй, цооролттой зуух болохгүй гэсэн анхааруулга алга. Уутан дээр нь бүх төрлийн зуух ашиглаж болно гэсэн байгаа. Уутаа өөрчилж, залруулахгүй юм уу. Иргэдэд буруу өгч болохгүй. Нөхөн олговорыг яаралтай шийд. Угаарт хордсон иргэдийн эрүүл мэндэд ямар ч өөрчлөлт гараагүй гэдэгт би итгэхгүй. Дотор эрхтэнүүдийн хордлого, тэндээс үүсэх эмгэг урт хугацаанд гарна. Алдаа гаргасан бол уучлалт гуйгаач.

Нийслэлийн Засаг даргын орлогч Ж.Батбаясгалан: Борлуулалтын бүх цэгт мэдээллийн самбар байрлуулсан байгаа. Айл өрхүүдийг зуухаа шийдэх болон дээр нь угаарын хийн мэдрэгчээр хангах шийдвэрийг Засгийн газраас гарган ажиллаж байгаа. Арваннэгдүгээр сарын 1-ний дотор шийднэ. Эхний ээлжинд зургаан дүүргийн галлагаагаа шийдсэн айл өрхүүдэд угаар мэдрэгч нийлүүлнэ.

Ийнхүү АН-ын зөвлөлийн хурлаар сайжруулсан түлшийг хэрэглэх талаар зөвлөгөөг иргэдэд өдөр бүр хүргэх, иргэдийн аюулгүй байдал, эрүүл амьдрах нөхцөлийг бүрдүүлэхэд анхаарахыг холбогдох хүмүүст үүрэг болголов.

Таалагдахгүй байна

0
0

АНХААРУУЛГА

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд etoim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

1.0

Сэтгэгдэл үлдээх