etoim.mn
photos/barilga.png

БАРИЛГА, ХОТ БАЙГУУЛАЛТЫН ЯАМ “Цаг үеийн асуудлаар” хэвлэлийн бага хурал хийж байна.  Барилгын салбартай холбоотой /цэвэрлэх байгууламж, лаг үнэргүйжүүлэх, түрээсийн орон сууц, ипотекийн зээлийн санхүүжилт, инженерийн дэд бүтэц, барилгын материалын үйлдвэрлэл/ зэрэг сэдвээр тодруулж мэдээллийг Барилга, хот байгуулалтын сайд Х.Баделхан болон дэд сайд, төрийн нарийн бичгийн дарга, газар, хэлтсийн дарга нар өгч байна. 

Өнөөдөр "Барилга хот байгуулалтын яам"-ны удирдлагууд сэтгүүлчдэд мэдээлэл хийлээ. 

Барилга хот байгуулалтын сайд Х.Баделхан: Манай улсын барилгын салбар 2016 онд хямралд орж зогсонги байдалд орсон. Харин одоо улс орны эдийн засаг сэргэж, бүтээн байгуулалтын ажил нэмэгдсэнээр барилгын салбар хямралаас гарч эхэлсэн. 1990 онд  манай улсын нийт хүн амын 23 хувь нь нийслэл хотод амьдарч байсан бол өнөөдөр энэ тоо 72 хувь болж өссөн. Тиймээс бид хот байгуулалтын асуудлыг онцгой анхаарах ёстой болоод байна.

Улсын хэмжээнд барилгын 400 гаруй норм дүрэм, 600 гаруй стандарт байгаа ч бид эдгээрийг шинэчлэх тал дээр ажиллаж байна. Засгийн газрын 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөрт тусгасны дагуу Барилга, хот байгуулалтын яамнаас “150 мянган айл-Орон сууц” үндэсний хөтөлбөрийн төслийг боловсруулж, Засгийн газрын /2019.5.22/ хуралдаанаар хэлэлцүүлж батлууллаа.   Энэхүү хөтөлбөрийг 2019-2023 онд хэрэгжүүлж, төв, суурин газарт амьдардаг өрхүүдийн дийлэнх олонх нь өөрсдийн худалдан авах чадварт нийцсэн, монгол орны цаг уурын нөхцөлд тохирсон, эрүүл ахуй, аюулгүй байдлын шаардлага хангасан, инженерийн бүрэн хангамжтай орон сууцтай болох нөхцөлийг бүрдүүлнэ.  Мөн манай яамнаас хэрэгжүүлж байгаа “Түрээсийн орон сууц” хөтөлбөр”-ийг 2015-2021 онд хэрэгжүүлж, нийслэлд 1600 өрх айл, аймгийн төвүүдэд 4000 айлын түрээсийн орон сууцны санг төр, орон нутаг, хувийн хэвшлийн түншлэлийн хүрээнд бүрдүүлэхээр төлөвлөн ажиллаж байна.  

Түүнчлэн “Түрээсийн орон сууц” хөтөлбөрийн хэрэгжилтийг хангах зорилгоор 2019 онд Монгол Улсын Хөгжлийн банкны санхүүжилтээр Говь-Алтай аймагт 120, Хөвсгөл аймагт 135, Орхон аймагт 315, Улаанбаатар хотод 972 айлын нийт 1542 айлын түрээсийн орон сууцны санг шинээр нэмэгдүүлэн, 06-р сард ашиглалтад оруулсан.   

Энэ үеэр сэтгүүлчид зарим зүйлийг тодруулсныг хүргэе.

 “150 мянган айл-Орон сууц” үндэсний хөтөлбөрийн хүрээнд дэд бүтцийн асуудлыг хэрхэн шийдэх гэж байна вэ? Төр болон хувийн хэвшлүүд хэрхэн ажиллах гэж байна вэ?

Манай улсад үйл ажиллагаа явуулж байгаа бүх ААН-үүд хувийн компани. Тиймээс энэхүү  150 мянган айлын орон сууцыг хувийн хэвшлүүд барих болно. Харин энэхүү хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд хоёр асуудал тулгарч байгаа. Үүнд: нэгдүгээрт инженерийн дэд бүтцийн асуудлыг шийдвэрлэх хэрэгтэй. Үүнийг бид Хятад улсаас өгсөн хоёр тэрбум төгрөгийн буцалтгүй тусламжийн туслалцаатайгаар шийдвэрлэх болно. Дараа нь энэ төслийг хэрэгжүүлэх хөрөнгийг босгох асуудал. Бид одоогоор улсын төсвөөс зорилтод өрхүүдийн орон сууцыг барих боловч үлдсэн хөрөнгийг олон улсын хандивлагч байгууллагаас тусламж авч шийдвэрлэнэ. Бид энэ асуудалд нарийвчилсан төлөвлөгөө гарган ажиллаж байна.  

Өмнө нь манай улс барилгын материалыг гадны улс орнуудаас авдаг байсан учраас барилгын үнэ өндөр байна гэдэг байсан. Гэтэл одоо бид дотооддоо барилгын материалын 70 хувийг үйлдвэрлэдэг болчхоод байхад яагаад үнэ буурахгүй байна вэ?

Бид барилгын салбарын талаар төрөөс баримтлах бодлогыг баталж гаргасан. Мөн шинэ бүтээн байгуулалт, дунд хугацааны төлөвлөгөөг боловсруулаад дуусах шатандаа орж байгаа бөгөөд ирэх 2045 он хүртэлх бодлогын баримт бичигт боловсруулах тал дээр эрчимтэй ажиллаж байна. Эдгээр бодлогын баримт бичигт суусан үндсэн асуудлууд нь барилгын салбарын үнэнд нөлөөлж байгаа голлох бүтээгдэхүүнүүдийг эх орондоо хэрхэн үйлдвэрлэхийг голлон тусгасан. 

Мөн бид барилгын салбарт төрөөс хэрэгжүүлэх бодлогыг тогтворжуулах үе шат, эрчимтэй хөгжлийн гарааны үе шат, олон улсын хөгжлийн төвшинд хүргэх гэсэн  гурван үе шатанд хуваасан.  Эдгээр үе шатуудыг ээлж дараалан хэрэгжүүлснээр шил, арматур зэргүүдийг эх орондоо үйлдвэрлэх боломжтой болж улмаар үнийн өсөлт тогтворжино гэж үзэж байгаа. Хэрэв та бүхэн ажигласан бол нэг үеэ бодоход барилгын салбарын үнэ харьцангуй буурсан байгаа. 

Шинээр байгуулах төв цэвэрлэх байгууламжийн ажил зогссон гэсэн мэдээлэл байна. Энэ тал дээр тайлбар хийнэ үү?

Түлхүүр гардуулах нөхцөлтэйгээр шинэ төв цэвэрлэх байгууламжийн гэрээг байгуулсан. Гүйцэтгэгч талын хувьд зураг төслийн ажлаа хийгээд дуусах шатандаа явж байгаа. Бидний хувьд тус байгууламжийн ажлыг 35 сарын хугацаанд хийж гүйцэтгэх ёстой бөгөөд газар шорооны ажлыг ирэх долдугаар сарын эхээр хийж эхлүүлэх гэсэн шаардлага тавьсан. 

Бид тус бүтээн байгуулалтын ажлыг хийж гүйцэтгэх хугацааг үе шаттайгаар хийхээр төлөвлөсөн бөгөөд хэрэв энэ ажил тохирсон хугацаандаа дуусахгүй бол гүйцэтгэгч байгууллага алдагдлыг хариуцах хатуу нөхцөлтэй гэрээ байгуулсан. 

Засгийн газраас орон сууцыг түрээслээд өмчлөх гэсэн журам баталсан. Энэ журмын дагуу албан ёсоор гэрээ байгуулсан иргэд байгаа юу?

Одоогоор манай түрээсийн санд 3000 орчим орон сууц байна. Манай журмаар түрээслэгч өөрөө тухайн орон сууцийг өмчлөхийг хүсвэл эхлээд хүсэлт гаргах ёстой. Хүсэлт гаргасны дараа бид тухайн иргэдэд дараах боломжуудыг санал болгож байгаа юм. Үүнд нэгдүгээрт та түрээсийн төлбөр дээрээ сар бүхэн тодорхой хэмжээний нэмэлт төлбөр төлөөд урьдчилгаа 30 хувиа бүрдүүлээд ипотекийн зээлээр байраа авч болно. Хоёрдугаарт та тав хүртэлх жилийн хугацаанд байрны төлбөрөө төлөөд түрээсийн байраа өмчилж авч гэсэн боломжуудыг олгож байгаа юм. 

Түрээсийн орон сууц орлого багтай өрхүүдэд чиглэсэн. Гэтэл түрээсийн төлбөр дээр нэмж мөнгө төлнө гэдэг тэдгээр иргэдэд нэмээд санхүүгийн хувьд хүндрэл учруулна. Энэ тал дээр хэр судалгаа хийсэн бэ?

 Иргэдэд тийм их хүндрэл учруулахгүй. Учир нь түрээслэгчийн төлж байгаа түрээсийн 70 хувь нь тухайн байрны төлбөрт тооцогдох бөгөөд үлдсэн 30 хувь нь түрээсийн төлбөрт төлөгдөнө гэсэн үг. Өөрөөр хэлбэл тухайн түрээслэгч байрныхаа түрээсэнд 300 мянган төгрөг төлдөг байсан бол тухайн түрээсийн 30 хувийг төлөөд үлдсэн 30хувийг байрныхаа төлбөрт өгөх боломжтой болж байгаа юм. 

Амины орон сууцыг ипотекийн зээлд хамруулна гэж байсан. Үүнтэй холбоотой зарим хуулиуд батлагдах дутуу байгаа гэсэн. Энэ асуудал юу болж байна вэ?

2018 оны арванхоёр дугаар сарын 22-нд батлагдсан "Орон сууцны ипотекийн зээлийн журам"-д амины орон сууцыг тус зээлд хамруулах заалт байгаа. Энэ тал дээр бид тодорхой судалгаа хийсэн бөгөөд зээл олгож байгаа банкуудтай уулзсан. Иргэд шаардлагатай хэд хэдэн нөхцлийг хангасан үедээ банкуудаас 120 хүртлэх мкв орон сууцанд 60 сая хүртлэх төгрөгийн зээлийг авах боломжтой болж байгаа юм.  

Бэлтгэсэн: Ц.Эрдэнэтуяа

Таалагдахгүй байна

1
0

АНХААРУУЛГА

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд etoim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

1.0

Сэтгэгдэл үлдээх

зочин

[202.131.238.150]

2019-06-20 15:26:01

элс хайрганы ордуудыг нь хаана гээд байхад САЛБАРЫН САЙД бүтээн байгуулалт яриад байх юм даа хөөрхий