etoim.mn
photos/5cd9088f4c9fb.jpg

“Монголд хүний эрхийг хамгаалагчид аюулгүй ажиллаж байгаа ч тэднийг дэмжсэн таатай орчин бүрдээгүй байна" гэж манай улсад ажилласан НҮБ-ын Хүний эрхийн тусгай илтгэгч Мишель Форст өнөөдөр мэдэгдэв.

Тэрээр Монголд 14 хоног ажиллахдаа Улаанбаатар хот болон Дорноговь аймгийн Сайншанд хот, Айраг сум, Зүүнбаян тосгоноор орж, төрийн тэргүүнээс аваад иргэний нийгмийн төлөөлөл, хувийн хэвшлийн 100 хүнтэй уулзаж хүний эрхийн хамгаалагчдыг сонсож ярилцжээ. Энэ талаараа өнөөдөр НҮБ-ын Монгол дахь төлөөлөгчийн газар тайлагнаж хэлэхдээ, “Юуны өмнө хүний эрхийг хамгаалагч гэж хэнийг хэлэх талаар танай улсад муу ойлгож байна. Хүний эрхийг хамгаалагч гэж заавал нэг байгууллагад ажиллах албагүй, гол нь хэн нэгнээс хараат бус ажиллаж байх учиртай. Энд жирийн малчнаас эхлээд хуульчид, сэтгүүлч гээд хүн бүр хүний эрхийг хамгаалагч юм” гэдгийг онцолж байв.

“Би Монголд хууль эрх, ялангуяа хүний эрхтэй холбоотой заалтуудыг судалж, хэрхэн шинэчилж буйг мэдэх, хүний эрхийн байдалтай танилцах зорилгоор ирсэн. Энэ талын саналыг маань хүлээн авч, мөн хүсэлт гаргасан Монгол Улсын Засгийн газарт талархаж байна. Монгол Улс хууль, эрхзүйгээ шинэчлэхдээ хүний эрхийг хязгаарлах бус харин дэмжих орчинг бүрдүүлэхийг хичээх хэрэгтэй юм” гэдгийг тэмдэглээд, “Зүүн болон Төв Азийн бүс нутагт ардчиллын манлайлагч хэмээн ойлгодог Монгол Улсад сүүлийн үед хүний эрхтэй холбоотойгоор хуулиудад хоёрдмол утгатай нэмэлт өөрчлөлтийг оруулсан нь анхаарахаас аргагүй байдалтай байна. Хууль эрхзүйгээс гадна авлига, байгаль орчныг доройтуулж буй талаар хөндөж ярьсны төлөө хүний эрхийг хамгаалагчдыг айлган сүрдүүлж дарамтлаж буй би сонслоо. Ялангуяа, тэдний нэр төрийг гутаан, гэр бүлийнхнийг ажилд орох, сургалтын тэтгэлэг авах, төсөлд хамрагдахад хүндрэлтэй байдлыг үүсгэх зэргээр нийгэм, эдийн засгийн талаар элдэвээр дарамтлан шахаж байна.

Тиймээс Хүний эрхийг хамгаалагчдын талаар хууль батлан гаргах нь тэдний хийж байгаа хууль ёсны ажлыг дэмжиж, хүлээн зөвшөөрөх юм. Мөн тэдний эсрэг байгаа этгээдүүдийг шийтгэхэд тодорхой алхам болно” гээд Монгол Улс ийм хуулийг баталж бүс нутагтаа хэрэгжүүлсэн анхны орон болохыг уриалсан юм.

НҮБ-ын Хүний эрхийн шинжээч Монголд ажилласан тайлангаа ирэх оны гуравдугаар сард болох НҮБ-ын Хүний эрхийн зөвлөлийн ээлжит 43-р чуулганд танилцуулах юм. Энэ талаар гаргасан дүгнэлт, зөвлөмжөө манай улсын Засгийн газарт хүргүүлж буйгаа мөн мэдэгдэв.

 

Эх сурвалж: Монцамэ.мн 

Таалагдахгүй байна

0
0

АНХААРУУЛГА

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд etoim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

1.0

Сэтгэгдэл үлдээх