etoim.mn
photos/Screenshot_20190415-103012.jpg

Хүнс хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамны Жижиг, дунд үйлдвэрийг хөгжүүлэх сан (ЖДҮХС)-гаас 2018 онд иргэд, хуулийн этгээдэд олгосон зээлийн үйл ажиллагааг Авлигатай тэмцэх газраас мөрдөн шалгаж байгаа. Энэхүү мөрдөн шалгах ажиллагаатай холбогдуулан иргэн, хуулийн этгээд, нэр бүхий албан тушаалтнуудыг аж ахуйн нэгжүүдтэй хамааралтай мэтээр үндэслэлгүйгээр холбогдуулах, шалгагдаж буй хэрэг материалыг хаасан мэтээр нийтэд мэдээлэх зэрэг мөрдөн шалгах ажиллагаанд сөрөг нөлөө үзүүлэхүйц, эх сурвалж нь тодорхойгүй буруу ташаа мэдээлэл ихээр тарааж байна. Нөгөө талаар сэтгүүлчдийн зүгээс албан ёсны эх сурвалжаас үнэн бодит мэдээлэл, ярилцлага, тодруулга авах хүсэлтийг байнга гаргаж байгаа юм.

Тиймээс сэтгүүлчид болон олон нийтийг мэдээллээр хангах, ЖДҮ эрхлэгч иргэн, аж ахуйн нэгж, хуулийн этгээдийн нэр хүндийг хамгаалах үүднээс уг хэргийг шалгаж буй Ажлын хэсгийн ахлагч, Авлигатай тэмцэх газрын Мөрдөн байцаах албаны дарга, ахлах комиссар Ц.Энхбаяртай ярилцаж, прокурорын байгууллагын зөвшөөрөгдсөн хэмжээнд мэдээллийг олон нийтэд хүргэж байна.

-ЖДҮХС-гийн  гэх хэргийг АТГ шалгаж эхлээд зургаан сарын хугацаа өнгөрлөө. Шалгаж эхэлснээс өнөөдрийг хүртэлх хугацаанд хийсэн мөрдөн шалгах ажиллагааны тойм мэдээллийг өгөхгүй юу? 

-Хэвлэл,мэдээллийн хэрэгслээр 2018 оны аравдугаар сард нэр бүхий УИХ-ын гишүүд болон зарим албан тушаалтнууд ЖДҮХС-гийн хөрөнгийг албаны эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, өөрийн хамаарал бүхий иргэн, хуулийн этгээдэд олгуулсан тухай мэдээлэл гарсантай холбогдуулан Нийслэлийн прокурорын газраас 2018 оны аравдугаар сарын 29-ний өдөр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хэрэг бүртгэлтийн хэрэг нээж, харьяалал тогтоон Авлигатай тэмцэх газарт ирүүлснээр мөрдөн шалгах ажиллагааг явуулж эхэлсэн.

Мөрдөн шалгах ажиллагааны хувьд аймаг, орон нутагт үйл ажиллагаа явуулж байгаа иргэн, аж ахуйн нэгжийн төсөл хэрэгжилт зээлийн санхүүжилтийг шалгах, нэр холбогдсон улс төрийн өндөр албан тушаалтнуудын хууль бус оролцоо байгаа эсэх, мэдээллийг нэг бүрчлэн шалгах зэрэг ажлын  цар хүрээ өргөн байсан. Ийм өргөн цар хүрээтэй хэргийг дангаар богино хугацаанд шуурхай шалгаж шийдвэрлэх хүн хүчний боломж бага байсан зэргийг харгалзан Улсын Ерөнхий прокурорын тогтоолоор АТГ, ЦЕГ-ын хамтарсан ажлын хэсэг байгуулах шийдвэр гарсан. Энэ дагуу 2018 оны арваннэгдүгээр сарын 6-ны өдөр Авлигатай тэмцэх газар, Цагдаагийн ерөнхий газрын даргын тушаалаар хамтарсан ажлын хэсэг байгуулагдан шалгаж байна.

Мөрдөн шалгах ажиллагаа явуулж эхэлснээс хойш өнөөдрийг хүртэл зургаан сарын хугацаа өнгөрлөө. ЖДҮХС-гаас 2018 онд зээл авахаар хүсэлт гаргасан 1544 иргэн, аж ахуйн нэгж байдаг. Тэдгээрээс ХХААХҮ-ийн сайд  2018 оны хоёр удаагийн тушаалаараа 216 иргэн, аж ахуйн нэгж, хуулийн этгээдийн төсөлд зээл олгосон. Мөрдөн шалгах ажиллагаа нь зээлийн хүсэлт гаргаад авч чадаагүй иргэн, аж ахуйн нэгжийн төсөл, бичиг баримт болон  зээл авсан 216 төслийн үйл ажиллагааг хамарч явагдсан.

ЖДҮХС-гийн зээлийг олгохдоо

- сайдын хоёр удаагийн тушаалд хамрагдаж зээл авсан иргэн аж ахуйн нэгж, хуулийн этгээдийг сонгон шалгаруулах үйл ажиллагаа хууль дүрмийн дагуу явагдсан эсэх

- төсөл зорилтот бүлгийн этгээдэд очсон эсэх

- сонгон шалгаруулах ажиллагаанд албан тушаалтан, төсөл сонгон шалгаруулах хорооны гишүүд, мэргэжилтнүүдээс нөлөөлсөн эсэх,  тэдний хамаарал байгаа эсэхийг шалган тодруулах ажлыг хийж байна.

Түүнчлэн шалгарсан 216 төслийн үйл ажиллагааны хэрэгжилтийг газар дээр нь очиж баримтжуулах, үзлэг нэгжлэг хийх, санхүүжилтийн баримт, мөнгөний зарцуулалтад аудитын шалгалт, шүүх ня-бо, санхүүгийн шинжилгээ хийх, зээлийн барьцаалбарыг зохих журмын дагуу хийж үнэлсэн эсэх зэргээр төсөл тус бүрт нарийвчилсан хяналт шалгалтын ажиллагааг төрийн болон төрийн бус байгууллага, эрх бүхий шинжээчийн бүрэлдэхүүн, хөрөнгийн үнэлгээний эрхтэй компани, тусгай мэдлэг бүхий мэргэжилтнүүдийг татан оролцуулан мөрдөн шалгах ажиллагааг явуулж байна.

-Мөрдөн шалгах ажиллагааны дүн эхнээсээ гарч байх шиг. Зарим хэрэг хаагдаж, зарим нь шийдэгдэж байна гэсэн мэдээлэл байна. Энэ талаар тодруулна уу? 

-Мөрдөн шалгах ажиллагааны явцад 2018 оны ЖДҮХС-тай холбоотой хэргийн гол хүрээг хумьж шалгаж дуусгах шатандаа орсон гэж бид үзэж байгаа. Тиймээс мөрдөн шалгах ажиллагаагаар цугларсан нотлох баримтын хэмжээнд үнэлж дүгнэн Ажлын хэсгээс санал, шийдвэрүүдийг хуулийн хүрээнд гаргаж хяналт тавьж буй Нийслэлийн прокурорт хүргүүлж байгаа.

Зээл авсан иргэн, хуулийн этгээд бүрийг буруутан, гэмт хэрэгтэн гэж үзэж болохгүй. Зээлийг зохих журмын дагуу авсан, ЖДҮХС-гийн шалгуур шаардлагыг хангаж, зохих журмын дагуу шалгарсан, үйл ажиллагаа нь хэвийн хэрэгжиж байгаа төслүүд бий. Тухайлбал, ажлын байр бий болгож, ноос, ноолуур, оёдол, газар тариалан, хүлэмж, зоорь барих зэрэг чиглэлээр хүсэлт гаргасан, түүнийхээ дагуу үйл ажиллагаагаа явуулж байгаа төслүүд байна. Төслийн үйл ажиллагаа нь зориулалт, зохих журмын дагуу явагдаж байгаа гэдгийг мөрдөн шалгах ажиллагааны явцад цугларсан нотлох баримтын хэмжээнд тогтоосон.

Одоогоор 70 гаруй төслийг хэрэгжүүлэгч иргэн, хуулийн этгээдийн үйлдэлд хэрэг бүртгэлтийн хэрэг нээн тусгаарлан шалгаж, үүнээс гэмт хэргийн шинжгүй гэж үзсэн 50 гаруй хэргийг хаах санал гаргаж, прокурорын байгууллагад хүргүүлээд байна. Прокурорын байгууллага, мөрдөгчийн саналыг хянаж хуулийн хүрээнд шийдвэр гаргах эрх зүйн зохицуулалттай, өнөөдрийн байдлаар 10 гаруй төслийн материалыг гэмт хэргийн шинжгүй гэж үзэн хэрэг бүртгэлтийн хэрэг хаах прокурорын тогтоол гарсан байна.

-Тухайлбал, ямар аж ахуйн нэгжүүдэд холбогдох хэргийг хааж шийдвэрлэсэн юм бэ? 

-Тусгаарлаж хэрэг бүртгэлтийн хэрэг нээн шалгаж буй төслүүдээс улс төрийн болон төрийн өндөр албан тушаалтан нартай хамааралгүй, Жижиг, дунд үйлдвэрийн тухай хууль, ЖДҮХС-гаас урт хугацаатай, хөнгөлөлттэй зээл олгох төсөл сонгон шалгаруулах журамд заасан шаардлагыг хангасан, экспортыг нэмэгдүүлж, импортыг орлох бүтээгдэхүүний үйлдвэрлэлийг дэмжин, гарааны бизнес эхлүүлэх боломж болон ажлын байр бий болгож, нэмэгдүүлэх үндсэн зорилгыг хэрэгжүүлж буй иргэн, хуулийн этгээдүүдийн төслүүдийг шалгаж, хэрэг бүртгэлтийн хэргийг хаах саналыг Нийслэлийн прокурорын газрын хяналтын прокурорт хүргүүлээд байгаа. Тодруулбал:

Иргэн А.Төгөлдөр, Т.Цээндэр, Э.Баяр, Ц.Пүрэвсүрэн, Г.Цэрэннадмид, Ц.Оюунчимэг, Э.Ариун-Ундрага, Ж.Баяр, Д.Отгонтуяа, Х.Батбаяр, Х.Дөшбаатар, Ч.Батчулуун, Б.Анхбаяр, “Аралтөбе” хоршоо, “Тэнгэрийн Соёмбо” ХХК, “Ганга нар трейд” ХХК, “ЦЕТ” ХХК, “Ти Эс Эн” ХХК, “Эс Би Би Эй” ХХК, “Хараат хайрхан уул” ХХК, "Органик Хүнс Трейд" ХХК, “ЖГБ” ХХК, “Ш.Ууганбаяр” ХХК, “Хөх үзүүр” ХХК, “Төмөр Ган” ХХК, “Буянцэцэн” ХХК, “Соёмбо капитал” ХХК, "Алтан Олом" ХХК, “Жигүүрт хөсөг” ХХК, “Гэга”ХХК, “Өсөх буудай” ХХК, “Идлэг фүүдс” ХХК, “Монгол буйдан” ХХК, “Завхан буурал” хоршоо зэрэг иргэн, хуулийн этгээдийн төслүүдийг дурдаж болно.

Тойрогтоо жижиг, дунд үйлдвэрийг хөгжүүлэх, зээл авахад нь дэмжлэг үзүүлсэн, тойргийн сонгогч, зээлдэгч нь авсан санхүүжилтээ зориулалтын дагуу зарцуулж буй эсэхийг шалгаж, тэдгээрийг дэмжсэн УИХ-ын гишүүдтэй хамааралгүй болох нь тогтоогдсон иргэн, хуулийн этгээдийн төслүүдийн хэрэг бүртгэлтийн ажиллагааг дуусгаж, хэргийг хаах саналыг Нийслэлийн прокурорын газарт хүргүүлээд байна. Үүнд:

- УИХ-ын гишүүн С.Чинзоригийн дэмжсэн албан бичигтэй иргэн Л.Оюун-Эрдэнэ

- УИХ-ын гишүүн Б.Бат-Эрдэнийн дэмжсэн “Баруун зүүн эх сувилал” ХХК

- УИХ-ын гишүүн Ж.Ганбаатарын дэмжсэн “Марал буян групп” ХХК

- УИХ-ын гишүүн С.Бямбацогтын дэмжсэн “Цант Алтай” ХХК

- УИХ-ын гишүүн М.Билэгтийн дэмжсэн “Өндөр бадрах” ХХК

- УИХ-ын гишүүн Д.Хаянхярваагийн дэмжсэн “Дархан эрдэнэ мах комбинат” ХХК

- УИХ-ын гишүүн Ц.Цогзолмаагийн дэмжсэн “Ширээт онон” ХХК

- УИХ-ын гишүүн Ч.Хүрэлбаатарын дэмжсэн “Хантай хайрхан” ХХК

- УИХ-ын гишүүн М.Энхболдын дэмжсэн ”Нүүдэлчин агро ферм” ХХК

- УИХ-ын гишүүн Б.Чойжилсүрэнгийн дэмжсэн “Солар хаус” ХХК

- УИХ-ын гишүүн Ж.Бат-Эрдэнийн дэмжсэн “Бүрэн луу” ХХК

- УИХ-ын гишүүн Ц.Мөнх-Оргилын дэмжсэн “Кэй өү эм эм жи эл” ХХК

- УИХ-ын гишүүн Б.Тэрбишдагвын дэмжсэн “Арвайн хүрд” ХХК

- УИХ-ын гишүүн Д.Оюунхоролын дэмжсэн “Саруул хангайн чөлөөт бүс” ХХК

- УИХ-ын гишүүн Н.Энхболдын дэмжсэн “Өлзий дэн” ХХК

- Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн дэд сайд Ж.Саулегийн дэмжсэн “Ричнес инвестмент” ХХК

- Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газрын дарга асан Ц.Ням-Осорын хамаарал бүхий “Хос эрхэс” ХХК

- УЕП-ын орлогч асан Б.Амгаланбаатарын хамаарал бүхий “Цаст согоот” ХХК зэрэг

иргэн, хуулийн этгээдэд холбогдох хэрэг бүртгэлтийн хэргийг хаах санал гаргасан.

Гэхдээ хэрэг бүртгэлтийн хэрэг хаагдаж буй төсөл дотор ЖДҮХС-гийн хууль тогтоомж, журмын дагуу шалгарсан, төслийн үйл ажиллагаа хэрэгжиж байгаа төслүүд байгаа боловч төслийн үйл ажиллагааг тодорхой шалтгаанаар хэрэгжүүлж чадаагүй, санхүүжилтийг зориулалтын бусаар зарцуулсан, зээлийн мөнгөнөөс өндөр хүүтэй, өр зээлээ хаасан, машин унаа авсан, хувь хүмүүст шилжүүлсэн зэрэг нийтлэг зөрчилтэй төслүүд байгаа. Эдгээр зөрчилтэй төслүүдэд ЖДҮХС-гаас зээл олгосон иргэн, хуулийн этгээдтэй байгуулсан гэрээний дагуу хяналт шалгалт явуулах, барьцаа, батлан даалтын дагуу эргэн төлүүлэх, нэхэмжлэх, гарсан зөрчлийн шинжтэй үйлдлүүдийг Сан өөрөө хариуцаж шийдвэрлэх нь зүйтэй гэсэн саналыг гаргаж, ажлын хэсгээс мэдэгдэл хүргүүлэн төсвийн хөрөнгийг нөхөн төлүүлэх, хохиролгүй болгох арга хэмжээ авч байгаа. Цаашид ЖДҮХС-тай харилцан мэдээлэл солилцож, бичсэн мэдэгдлийнхээ дагуу шалгах зэргээр хамтран ажиллах болно.

-Хаах саналтай хэргүүд дотор хэд хэдэн УИХ-ын гишүүний нэр дурдагдлаа. Тэдгээр УИХ-ын гишүүд албан тушаал, эрх мэдлээрээ нөлөөлсөн, бусдад давуу байдал олгосон гэж үзэх үндэслэлгүй юу? 

-Дээрх нэр дурдсан төслүүдэд албан тушаалтан хууль бусаар нөлөөлсөн, давуу байдал олгосон гэж шууд үзэх үндэслэл мөрдөн шалгах ажиллагааны явцад тогтоогдоогүй гэдгийг тодруулж хэлэх нь зүйтэй.

-Гэхдээ яллагдагчаар татагдан шалгагдаж байгаа төрийн өндөр албан тушаалтнууд байгаа... 

-ЖДҮХС-гаас төрийн болон улс төрийн өндөр албан тушаалтнууд албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж өөрсдийн хамаарал бүхий этгээдүүдэд төсөл сонгон шалгаруулах хэлбэрээр өөртөө болон бусдад давуу байдал олгосон 9 этгээдийг эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татсан. Үүнээс мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хуулийн 22.1 дугаар зүйлийн 22.1.4 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжтэй үйлдэл нь нотлох баримтаар хангалттай тогтоогдсон гэж үзсэн улс төрийн өндөр албан тушаалтан 3 яллагдагчид холбогдох хэргийг Ажлын хэсгээс тусгаарлаж шийдвэрлэх саналаа прокурорын байгууллагад гаргасан. Одоогоор дээрх яллагдагч нарын хэргийг шүүхэд шилжүүлээгүй байна. Хэвлэл мэдээллээр шүүхэд шилжүүлсэн, хэрэгсэхгүй болгосон гэж мэдээлж байгаа нь буруу ташаа мэдээлэл юм.

-ЖДҮХС-гаас зээл авснаас гадна зээл аваагүй төслүүдийг ч мөн шалгасан гэлээ.  Шалгараагүй төсөлд шалгалт хийсэн нь ямар учиртай юм бэ?

-Мөрдөн шалгах ажиллагааны явцад нотлох баримтыг тал бүрээс нь цуглуулах, үнэлж дүгнэх, хавтаст хэрэгт яллах ба цагаатгах талын баримтыг зэрэг цуглуулах ёстой. Тиймээс ЖДҮХС-гийн сонгон шалгаруулалт хууль, журмын дагуу байсан уу, эсвэл хэвлэл мэдээллийн хэрэгслээр бичээд байгаа шиг, иргэд олон нийтийн яриад байгаа шиг ЖДҮ эрхлэгчдийн боломжийг хулгайлсан уу гэдгийг нотлох үүднээс бид зээл авсан 216 иргэн, аж ахуйн нэгжээс гадна төслийн сонгон шалгаруулалтад оролцохоор материалаа бүрдүүлж өгсөн 800 гаруй төслийн материалыг хураан авч шалгасан.

Энэ ажиллагаанд дан мөрдөгчөөс гадна төрийн болон төрийн бус байгууллага, санхүү, аудитын чиглэлээр өмнө ажиллаж байсан, мэргэжилтэн, шинжээч болон иргэдийн хяналт, дэмжлэгтэйгээр төслийн материал бүрийг хянан шалгаж, нягтлан үзсэн. Өөрөөр хэлбэл, шалгарсан шалгараагүй бүх аж ахуйн нэгжүүдийг аль алийг нь үзэж нягталсан. Шалгараагүй үлдсэн 800 гаруй төсөл дотор шалгарах боломжтой 100 гаруй төсөл хүсэгч ЖДҮ эрхлэгч аж ахуйн нэгжүүд байсан.

Хэрэв төсөл нь шалгараагүй бол яагаад шалгараагүй вэ, шалгарах боломж байсан уу, шалгарсан бол тус сангийн журам зааврыг зөрчиж, албан тушаалтанд нөлөөлж авлига, хээл хахууль өгч хамрагдсан уу гэдгийг ч мөн шалгаж үзсэн. Зээлийн барьцаанд тавигдсан хөрөнгө бүрийг нягтлан үзэж, тухайн этгээдийн хөрөнгө мөн эсэх, хуурамчаар нотлох баримт бүрдүүлсэн үү, үгүй юу гэдгийг нэгбүрчлэн үзэж, үнэлгээ тогтоолгосон. Энэ маягаар мөрдөн шалгах ажиллагаа өргөн цар хүрээтэйгээр хийгдэж байгаагаас мөрдөн шалгах ажиллагаа удааширсан. Үүнд манай байгууллагын мөрдөн шалгах хэлтсийн хүн хүч дутмаг байдал ч нөлөөлсөн. Цагдаагийн байгууллагаас ирсэн мөрдөгч нарын хүчээр Ажлын хэсгийн нийт 10 орчим мөрдөгч өнгөрсөн зургаан сарын хугацаанд уртасгасан цагаар, амралтын өдөргүй ажиллаж, мөрдөн шалгах ажиллагааг шуурхай явуулахдаа боломжит бүх хувилбарыг нягтлан ажилласан гэдгийг хэлэх хэрэгтэй байх.

-ЖДҮХС-гийн гэх хэрэгт 60 орчим албан тушаалтан, түүн дотор улс төрийн нөлөө бүхий томоохон албан тушаалтан хамаарал бүхий компанидаа зээл авч өгсөн байж болзошгүй хэрэг шалгагдаж байгаа гэж мэдээлж байсан.

-Төсөл сонгон шалгаруулалтад олон албан тушаалтан, түүн дотор УИХ-ын 40 гаруй гишүүн байгаа талаар хэвлэлд мэдээлэгдсэн. Хуулиар гэм буруу нь шүүхээр тогтоогдоогүй байхад хэнийг ч гэм буруутайд тооцож болохгүй. Энэ нь хүний нэр төрд халдаж байгаа хэрэг.

ЖДҮХС-гаас төсөл хэрэгжүүлэхээр зээл хүссэн 1544 иргэн, аж ахуйн нэгж байгаа. Тэд төслөө янз бүрийн аргаар хүргүүлсэн байдаг. УИХ-ын гишүүдэд хандаж төслөө хүргүүлсэн, орон нутгийн захиргааны удирдлагадаа хандсан нь ч байна. УИХ-ын гишүүдээс төслийг уламжилсан, дэмжлэг үзүүлэхээр албан бичгээр хандсан нийт 21 гишүүн, 46 иргэн, 54 аж ахуйн нэгжүүдийн төсөл албан бичиг хүргүүлсэн байна. Гишүүдээс дэмжлэг хүссэн бичигтэй төслүүдийн гуравны нэг  хувь дэмжигдсэн байдаг. Энэ бүхнийг гэмт хэрэг гэж үзэх үү.

Хуульд заасан эрх хэмжээ, үүргийнхээ дагуу тойрогтоо болон тойргийн сонгогчдоо дэмжсэн, ирсэн хүсэлтийг уламжилж явуулсан, анхаарал тавьж асууж сурагласан зэргийг  албан тушаалтны бодлогоор дэмжсэн төслийг өөрийн хамаарал бүхий үүсгэн байгуулсан, хувь хувьцаа эзэмшдэг, ах дүү, үр хүүхдийнхээ зэрэг шууд ашиг сонирхлоор хандаж илт давуу байдал олгосон, мөнгө санхүүгээр холбогдсон, өмнө хойдох өр төлбөр маягаар авсан хуульд заасан өөртөө болон бусдад давуу байдал олгосон гэх гэмт хэргийн шинжтэй үйлдлээс ялгаж салгаж ойлгох хэрэгтэй. Үүнийг ялгаж салгаж тогтоохын тулд ажлын хэсгийн мөрдөгч, прокурорууд өнөөдрийг хүртэл ажиллаж байна.

-АТГ болон ЦЕГ-ын хамтарсан ажлын хэсгийн мөрдөн шалгах ажиллагааны явцад одоогоор нөхөн төлүүлсэн хохирлын хэмжээ хэд болоод байна вэ? 

-Мөрдөн шалгах ажиллагааны явцад одоогоор 11 иргэн, аж ахуйн нэгжээс нийт 11 тэрбум 195 сая 611 мянга 321 төгрөгийг битүүмжилж нөхөн төлүүлэх арга хэмжээ авсан. Үүнээс 5.5 тэрбум төгрөгийг ЖДҮХС-д буцааж нөхөн төлүүлсэн.

-УИХ-ын гишүүн Д.Дамба-Очир “Би зээл аваагүй, УИХ-ын гишүүнийхээ үүргийг биелүүлж, тойргийнхоо иргэдийн хүсэлтийг холбогдох байгууллагад нь уламжилсан” гэж ярьсан байдаг?

-Иргэн, хуулийн этгээдийн төслийг шалгаруулахдаа УИХ-ын гишүүн болон төрийн өндөр албан тушаалтнуудаас эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан төсөл сонгон шалгаруулах эрх бүхий албан тушаалтнуудад нөлөө үзүүлж өөрийн хамаарал бүхий хуулийн этгээдэд давуу байдал бий болгож, санхүүжилт олгосон үйлдэлд нэр бүхий улс төрийн болон төрийн өндөр албан тушаалтан 5 хүнийг яллагдагчаар татаж мөрдөн шалгах ажиллагааг явуулж байгаа. Дээрх 5 албан тушаалтнаас гурван яллагдагчийн хэрэг нотлогдсон гэж үзэн, эрүүгийн хэргийг тусгаарлан шийдүүлэхээр прокурорын байгууллагад хүргүүлсэн талаар өмнө хэлсэн.

УИХ-ын гишүүн тойрогтоо ажлын байр нэмэгдүүлсэн, тойргийн сонгогчдоо бодлогоор дэмжсэн төсөлд тэднийг шууд буруутгах хуулийн үндэслэл байхгүйг дахин  хэлье. Харин өөрсдийн баталсан хуулиа зөрчиж, тойрогт нь огт хамаагүй, ЖДҮ-ийг хөгжүүлэх журам зөрчсөн, төслийн санхүүжилтаар ашигт малтмал, хайгуул явуулсан, эсвэл огт үйл ажиллагаа явуулдаггүй, хүнд харуулах нэг ч үйлдвэрлэл байхгүй байхад зээл олгуулчихаад би тойргийнхоо иргэдийг дэмжсэн гэж ярьж болох уу?

Мөрдөн шалгах ажиллагаагаар бүх зүйл нотлох баримтаар яригддаг. Таны асуугаад байгаа албан тушаалтан хэвлэл мэдээллийн хэрэгслээр өөрийгөө буруугүй мэтээр олон нийтэд мэдээлж байна лээ. Үүнийг гагцхүү шүүх л шийдвэрлэх хуультай.

Цаашид мөрдөн байцаалтын шатанд цугларсан нотлох баримтаар хэд хэдэн төрийн өндөр албан тушаалтан оролцсон үйлдэлд мөрдөн шалгах ажиллагааг үргэлжлүүлэн хийж байгаа. Хууль тогтоомжийн хүрээнд эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татах саналыг прокурорт хүргүүлэхээр ажиллаж байна. Мөрдөн шалгах ажиллагаа үргэлжилж байгаа, одоогоор 100 гаруй төслийн материал шалгагдаад дуусч байгаа.

ЖДҮХС-гийн хууль, журам зөрчсөн төсөл нь сонгон шалгарсан, түүнд дэмжлэг үзүүлсэн, давуу байдал бий болгосон байж болзошгүй, нэр нь гараагүй иргэн, аж ахуйн нэгжүүд болон өндөр албан тушаалтан, мэргэжилтнүүдийн үйлдэл мөрдөн шалгах ажиллагааны явцад шалгагдаж байгаа гэж ойлгож болно. Бид боломжит богино хугацаанд хуулийн хүрээнд энэ мэтээр санал, шийдвэр гаргаж нийтэд мэдээлэх болно.

АВИЛГАТАЙ ТЭМЦЭХ ГАЗАР

Таалагдахгүй байна

0
0

АНХААРУУЛГА

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд etoim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

1.0

Сэтгэгдэл үлдээх

Зочин

[203.91.115.39]

2019-04-15 13:38:27

Ard gumniigee hoorhon mangartuulahaa meddeg humuus shuu