etoim.mn
photos/237330-15032019-1552614107-1298891262-1523603131_280791af-5839-4425-acd3-68429cd5ad49.jpg

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр тэтгэмжийн тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэж байгаад завсарлалаа.

Дээрхи хуулийн төслийг УИХ-ын эмэгтэй гишүүд санаачлан УИХ-д өргөн мэдүүлсэн юм байна.

Хуулийн төсөлд: Дөрөв болон түүнээс дээш хүүхэд төрүүлж өсгөж, хүмүүжүүлсэн эхчүүд 20-иос доошгүй жил ажилласан бол нас харгалзахгүйгээр тэтгэвэр тогтоолгох эрхтэй гэсэн хууль 1991 онд батлагдан хэрэгжсэнээр ид хийж бүтээх насандаа олон эмэгтэйчүүд тэтгэвэрт гарчээ. Ихэвчлэн 35-40 насандаа тэтгэвэрт албадангаар гарсан байдаг. Үүний улмаас тэдний тэтгэвэр улсын дундаж тэтгэврийн хэмжээнд хүрдэггүй юм байна.

Иймээс эдгээр эхчүүдийн тэтгэврийн асуудлыг тухайлан авч үзэж, өнөөгийн нөхцөлд буюу тэтгэврийн дундаж хэмжээнд хүргэх нь шударга ёсны зарчимд нийцнэ гэж үзэн, дээрх гишүүд энэхүү төслийг санаачилжээ. Хууль батлагдан хэрэгжвэл 21 мянган эхийн тэтгэвэр нэмэгдэх юм. Хэлэлцүүлгийн шатанд дараах хэлэлцүүлэг өрнөлөө.

Нийгмийн хамгаалал хөдөлмөрийн сайд С.Чинзориг: Энэ хуулийн төсөлд 4 ба түүнээс дээш хүүхэдтэй эхчүүд хамаарна гэж үзвэл 7.3 тэрбум төгрөг, зөвхөн эмэгтэйчүүд гэдгээр тооцвол 8.9 тэрбум төгрөг шаардлагатай. Мөн хууль энэ оноос эхлэн хэрэгжинэ гэвэл Төсвийн тухай хууль зөрчигдөнө. Хуулийг УИХ-аас баталбал 2020 оноос хэрэгжихээр хугацааг зааж өгөх нь зөв юм. Үүнээс гадна доод тэтгэврийг 500 мянган төгрөгт хүргэхэд ажилласан жил, төлсөн шимтгэлийн хэмжээгээр тэтгэврээ тогтоолгодог зарчим зөрчигдөнө.

УИХ-ын гишүүн Л.Мөнхбаатар: 1997 оноос өмнө 4 ба түүнээс дээш хүүхэд өсгөн хүмүүжүүлсэн эхчүүдийг нас харгалзахгүй тэтгэвэрт гаргасан 21 мянган хүн байгаа. Хамгийн бага тэтгэвэр авдаг. Иргэд олон нийтийн тавьдаг асуудал нь тэтгэврийн зөрүү байдаг. Ийм учраас хуулийн төслийг дэмжиж байна.  МАН-ын мөрийн хөтөлбөрт жил бүр тэтгэвэр нэмнэ, зөрүүг арилгана гэж амлалт өгсөн.  Түүнийхээ хэрэгжилтийг хангах хуулийн төсөл орж ирсэн. Тэтгэврийн тогтолцоог ярих цаг шаардлага тулгарсан. Одоогийн тогтолцоо нь даатгуулагчийн шимтгэлийн орлогоор тэтгэвэр олгодог  зарчим хэрэгждэг.  Энэ нь эргээд Нийгмийн даатгалын санд ачаалал өгөөд татаас авах болдог. Баталгаатай тэтгэвэр өгч чаддаггүй, улсын төсөвт дарамт болдог гээд олон асуудал бий.

Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн сайд С.Чинзориг:   Ирэх намрын чуулганд Нийгмийн даатгалын тухай багц хуулийн шинэчлэлийг өргөн барина. Олон улсын донор байгууллагын санхүүгийн дэмжлэг авч хуулийн төсөл дээр ажиллаж байна. Гол үүрэг нь Нийгмийн даатгалын сангийн алдагдлыг бууруулах тогтолцоог нэвтрүүлэхэд оршиж байна.

УИХ-ын чуулган 15.00 цагаас үргэлжлэх бөгөөд Засгийн газрын цагаар эхэлж, дараа нь дээрх хуулийн төслийг үргэлжлүүлэн хэлэлцэх юм.

Таалагдахгүй байна

1
0

АНХААРУУЛГА

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд etoim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

1.0

Сэтгэгдэл үлдээх