etoim.mn
photos/мөнгө_2.jpg

Өөрийн хүчээр олсон хэдэн төгрөгөөрөө дуртай зүйлээ авахад ямар мэдрэмж төрдгийг та сайн мэдэх биз ээ. Гэхдээ мөнгө хадгалж, үнэ цэнэ бүхий хүссэн зүйлээ худалдаж авах, эсвэл аяллаар явахад үгээр хэлэхийн аргагүй сайхан мэдрэмж төрдгийг цөөн хүн мэддэг нь харамсалтай. Тиймээс мөнгө хадгалж сурахад тань туслах шалгарсан 7 аргыг танилцуулж байна.

Бодит зорилго тавь

Өдөр бүр зоогийн газарт оролгүй, хоолонд зарцуулдаг бүх мөнгөө хадгаламжид хийх нь тун ч сайхан санаа. Гэхдээ найзуудтайгаа огтхон ч уулзалгүй, хэмнэлтийн горимд бүрэн шилжин амьдарч чадна гэж үү? Долоо хоногт 1-2 удаа найзуудтайгаа хоолонд ороод, үлдсэн өдрүүдэд нь гэртээ өдрийн хоолоо бэлдэж авчирвал танд ч амар гэдгийг санахад илүүдэхгүй. Энэ талаар санхүүгийн мэргэжилтэн хүртэл зөвлөдөг юм билээ. “Upperline financial planning” компанийн санхүүгийн төлөвлөгөөний зөвлөгч Иуда Будро “Том зорилго өмнөө тавихад сайхан мэдрэмж төрдөг. Гэхдээ том зорилго нь таныг амжилтад хөтлөхгүй гэдгийг сана” гэв. Тэрээр “Нэг л өглөө сэрээд мөнгө арвилж, гамнадаг хүн болохгүй. Тиймээс бодит зорилго тавьж, сэтгэлд амар байхуйц хэмнэлтийн горимд шилжээрэй” гэж зөвлөсөн шүү.

Юу хүсэж байгаагаа олж мэд

Санхүүгийн эрх чөлөөний нууц юу юм бол гэж Та өөрөөсөө асууж үзсэн үү. Санхүүгийн эрх чөлөөнд хүрч мөрөөдлийнхөө амралтад явж, 50 настайдаа тэтгэвэрт гарах юмсан гэж бодож л байсан биз дээ. Тэгвэл санхүүгийн эрх чөлөө гэдэг нь нэг дор бүх мөрөөдлөө санхүүжүүлэхийг хэлдэггүй. Тиймээс юу хүсч байгаагаа тодорхойлох нь чухал.

Жагсаалт гарга

Олон хүн юу худалдан авч буйдаа төдийлөн анхаарал хандуулдаггүй нь маш том алдаа гэж Иуда Будро хэлэв. Жижиг дэвтэрт өөрт хэрэгцээтэй зүйлсийнхээ жагсаалтыг гаргах хэрэгтэй.

Хэрэггүй зүйл худалдаж авахаа боль

Хямдрал зарласан дэлгүүрээс хоосон гуяа ганзагалаад гарахад хэцүү байдаг шүү дээ. Тэгвэл ATM явж, мөнгө авах цагийг өөртөө өгч байгаарай. Энэ үед таны шийдвэр өөрчлөгдөж ч мэдэх юм. Хямдрал зарласан дэлгүүрээс авах мөнөөх өмд бас цамц танд үнэхээр хэрэгтэй гэж үү?

Өөртөө сайн ханд

Таныг жаргалтай болгох зүйлсээс татгалзах хэрэггүй. Энэ нь санхүүгийн эрүүл байдалд тун ч тустай. Мөнгө хадгалахын тулд хүсэж байсан аяллаасаа татгалзах хэрэггүй шүү. Хамгийн гол нь валют солиулахдаа өөрт ашигтай газраа мөнгөө солиулаарай.

Хадгаламжийн дэвтэртээ бол

“Хэдэн сайхан шарыг минь хоёрхон бор хулгана идчихлээ гэж үү дээ” гэж “Хүргэн хүү” кинонд гардгийг уншигч та санаж байгаа биз дээ. Тиймээс мөнгөө бэлнээр нь хадгалах талаар бодоод ч хэрэггүй. Үүний оронд хадгаламжийн дэвтэртээ болбол хүүгийн орлого ч олох юм шүү.

Мөнгөний яриа хий

Хань ижилтэйгээ учирсан ч өдий болтол мөнгөний тухай чухал яриа өрнүүлж амжаагүй юм биш биз. Тэгвэл яг одоо л орлого, зарлага гээд санхүүгийн сахилга баттай холбоотой яриа хийх ёстойг ханьдаа сануулаарай.

Таалагдахгүй байна

0
0

АНХААРУУЛГА

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд etoim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

1.0

Сэтгэгдэл үлдээх